Өндөг тахиа 2-ын аль нь анхдагч вэ ?




Сонирхолтой асуулт. 2 зүйлийн чухам аль нь нөгөөгийнхөө шалтгаан, аль нь үр дагавар болж байгааг асууж байгаа хэрэг. Үүнтэй төстэй ядуурал, ажилгүйдэл хоёрын аль нь анхдагч вэ гм асуултууд ч бас байдаг.


Өндөг тахиа 2-ын хувьд хариултыг олоход нэг их гүн ухаан болоод, ертөнцийн үүсэл хөгжлийн талаарх ойлголт шаардагдахгүй мэт санагдана.
Энэ асуултад хариулахын өмнө зарим нэг үгийн утгыг илүү тодруулах шаардлагатай . Эс тэгвээс тодорхой хариултад хүрэхэд бэрх. Тахиа бол биологийн хувьд тодорхой зүйл, бид тахиаг ямархуу харагддаг, яаж дуугардаг, мах нь ямар амттай гэдгийг сайн мэднэ.
Гэтэл өндөг бол их ерөнхий нэр, олон утга агуулж болно. Өндөг гэдэг нь (1) ямар нэгэн өндөг үү?, эсвэл (2) тахианы өндөг үү?. Хэрвээ бид “тахианы өндөг”-ний талаар ярьж байгаа бол “тахианы өндөг” гэдэг нь (2a) тахианаас гарсан өндгийг хэлэх үү? (2b) дотроос нь тахиа гардаг өндгийг хэлэх үү? (2c) эсвэл хоёуланг нь хэлэх үү ?
Нэр томьёог тодруулаад асуултаа дахиад асуугаад үзье.
1. Ямар нэгэн өндөг, тахиа 2-ын аль нь анхдагч вэ?
2a. Тахианаас гарсан өндөг, тахиа 2-ын аль нь анхдагч вэ ?
2b. Дотроос нь тахиа гардаг өндөг, тахиа 2-ын аль нь анхдагч вэ?
2c. Тахианаас гарсан, дотроос нь тахиа гардаг өндөг, тахиа 2-ын аль нь анхдагч вэ?

Асуулт хавьгүй тодорхой болсон тул одоо хариултаа өгцгөөе. Хэцүү биш санагдаж байгаа биз ?. Хариулт:
1. Өндөг
2a. Тахиа
2b. Тахиа
2c. Тахиа
Хариултуудаа тайлбарлая.
Асуулт 1. Ямар нэгэн өндөг, тахиа 2-ын аль нь анхдагч вэ? Хариулт: Өндөг
Өндөг гаргадаг амьтад одоогийн тахиа үүсэхээс ч өмнө байсан. Динозавр хүртэл өндөглөдөг байсныг бид мэднэ. Динозаврыг үед тахиа байгаагүй. Хэдэн сая жилийн дараа тахиа үүссэн юм. Иймд өндөг гарцаагүй анхдагч мөн.
Асуулт 2a. Тахианаас гарсан өндөг, тахиа 2-ын аль нь анхдагч вэ ? Хариулт: Тахиа
Энд ямар нэгэн өндөг бус, зөвхөн тахианаас гарсан тахианы өндөгний тухай яригдаж байгаа нь тодорхой байна. Ийм өндөг гэхээс өмнө түүнийг гаргадаг тахиа байх хэрэгтэй. Хариулт нь тахиа байхаас өөр аргагүй.
Асуулт 2c. Тахианаас гарсан, дотроос нь тахиа гардаг өндөг, тахиа 2-ын аль нь анхдагч вэ? Хариулт: Тахиа
Өмнөх асуултын хариулттай адил логикоор хариулагдана. Тахиа байж байж л тахианы өндөг гарна. Хэдийгээр өндөгнөөс нь тахиа гарах үнэн боловч, тэрхүү өндгийг анх гаргасан нь тахиа л байх учиртай. Иймд тахиа анхдагч.
Асуулт 2b-г алгасаад явсныг анзаарсан байж магад. Энэ хувилбар нь хамгийн сонирхолтой нь.
Асуулт 2b. Дотроос нь тахиа гардаг өндөг, тахиа 2-ын аль нь анхдагч вэ? Хариулт: Тахиа
Сонирхолтой гэдгийн учир нь асуулт нь тодорхойгүй байгаа юм. Дотроос нь тахиа гардаг өндөг нь өөрөө тахианаас гарсан, эсвэл өөр шувуунаас гарсан байж болно. Чухам алинаас гарснаас хамаараад хариулт шийдэгдэнэ.Одоо логик тус болж чадахгүй, шинжлэх ухаан л хариулна.
Саяхан үүний хариултыг Английн эрдэмтэд олжээ. Өндөг үүсэх процесс нь тахианы өндгөвчинд байдаг уургын тусламжтайгаар явагддаг болохыг тогтоожээ. Ovocledidin-17 хэмээх уураг нь өндөгний бүрхүүл үүсэхэд шаардлагатай юм. Энэ уураг кальцийн давсыг кристалл хэлбэрт шилжүүлэн өндгийг бүрдэг байна. Тиймээс тахиа, түүний уураг байхгүй бол өндөг үүсэхгүй нь. Иймд тахиа анхдагч

::: PH KHISHIGEE :::

Туршлага гэдэг тун хатуу багш. Тэр эхэлж шалгалтаа аваад дараа нь хичээлээ ордог Vernon Law

0 comments: